Tuesday, October 27, 2015

ХҮН БҮХЭН "АЛДАРТ" ГЭЖ ДУУДУУЛАХ ДУРТАЙ

Каввет Робертс нь маш сайн хуульч төдийгүй худалдааны ажилтан бөгөөд "Үндэсний Илтгэлийн Хороо" -г үндэслэн байгуулагч юм. Нэгэн өглөө Роберт цонхоороо хараад зогсож байтал 12 орчим насны туранхайвтар хүү хаалганаас хаалга дамжин ном зарж байхыг ажиглажээ.
Удалгүй хүү түүний гэрийн үүдэнд ирээд зогсов. Роберт, эхнэртээ хандан: "Хардаа. Би энэ хүүд худалдаа яаж хийдгийг заах хэрэгтэй. Хэдэн жилийн турш харилцааны ном бичиж олон газраар явж, хэрхэн зааж сургаж байснаа хүүтэй хуваалцья. Түүнийг сэтгэлээр унаасай гэж хүсэхгүй байгаа тул амьдралын хатуу хөтүүг амсахаас нь өмнө би залж өгөх хэрэгтэй байна. Өнгөрсөн хугацаанд би маш олон арга барил ажлын чадвар сурсан. Тиймээс хүмүүстэй харилцах харилцаагаа хэрхэн бий болгосноо түүнд заана" гэв. Ингээд Роберт хаалгыг нь тогшин зогсож буй хүүд хаалга онгойлгонгоо "Би маш их завгүй хүн" гэж тайлбарлаад түүний зарж байгаа номноос нэгийг нь ч авсангүй. Гэвч тэрээр "Би чамд нэг минутын хугацаа өгье. Яг одоо би явах гэж байгаа тул хурдал" гэлээ. Харин залуухан худалдагч Робертын сүрдүүлэгт огтхон ч сандарсангүй. Харин ч буурал үст сэхээтэн рүү ширтсэнээ "Эрхэм ээ, та өнөөх алдарт Каввет Роберт мөн гэж үү?" хэмээн бахдангуй асуужээ. Түүний энэхүү асуулт Робертын зүрхэнд хүрч сэтгэлд нь сайхан мэдрэмж төрүүлсэн тул яарахаа больж тайвнаар "Тийм ээ, хүү минь ор л доо" хэмээн гэртээ сэтгэл хангалуунаар урьжээ. Түүгээр ч зогсохгүй Роберт хүүгээс хэд хэдэн ном худалдаж авсан бөгөөд тэдгээр номноос алийг нь ч уншаагүй байлаа. Хэрхэн зааж өгөх тухай бодож байсан мэргэжилтэн харин ч худалдан авагч болж залуу хүү түүнд харилцааны том зүйлийг ойлгуулж чаджээ.

No comments:

Post a Comment